
XVI жарны Гал луу жил буюу 1976 оны 7-р сарын 10-ны өдөр эгэл жирийн гэр бүлийн тогооноо нэгэн хөвүүн мэндэлсэн нь эрин цаг үед Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж буй Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат ЗХ-ний Алдар спорт хороо, ЗХ-ний 310-р ангийн бөх бяртай, хүчтэй, аралтай, уран дайчин барилдаантай, саруул сайжрах, хуурнин шуугигч улсын заан Батжаргалын ГАНБАТ бөлгөө.
1994 онд Увсчууд Их аварга Х.Баянмөнхийн алдрыг тэмдэглэж наадав. Уг наадамд залуу бөх Ганбат ирж барилдсан нь түүний амжилтын эх болсон гэдэг. Аваргын хараанд өртөж бөхийн эрдэмд идэвхийлэн суралцах боломж үүд, хаалга нээгдсэн хэрэг. Ийн түүнд “тоот бөхийн тоонд багтаж, торгон зодогны ширээснээс атгалзах” хувь тохиожээ.
Тэрээр АХ-ын 75 жилийн ойгоор буюу 1996 оны Увс аймгийнхаа баяр наадамд хүч үзэн зодоглосон хүчит 128 бөхөөс у.н Д.Төрмөнхөөр 7 даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Энэ л үеэс бөхчүүд, бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхний анхаарлыг өөртөө татаж эхэлсэн билээ.
Тэр жилээсээ олон олон барилдаануудад сайн барилдаж, ихэвчлэн өсөх идэр начин О.Одгэрэл /у.з/, начин Ч.Батзориг /у.з/, И.Доржсамбуу /у.г/, А.Сүхбат /даян.а/, заан Д.Сумъяабазар /у.ав/, Г.Өсөхбаяр /даян.а/, Б.Гантогтох /у.г/, Ц.Цэрэнпунцаг /у.г/ нартай тунаж барилддаг байлаа.
Аймгийн арслан Ганбатыг 1997 оны АХ-ын 76 жилийн ойгоор начнаар тогтохгүй барилдана гэж олон хүн дүгнэж байлаа. Үнэхээр тийм л байсан. Гэвч сонирхолтой гэмээр үйл болсон юм. Тэр нь гурвын даваанд у.з Ц.Цэрэнпунцаг а.а Б.Ганбатыг ширвэж бус шилж амласан явдал юм. Залуу арслан бяртай зааны мэхэнд дэссэнгүй. Мэдээж өмнө нь хэд хэд таараад бас хэд хэд хаяж чадсан л байлаа. Төрийн наадмын дэвжээ хатуу гэдгээ л харуулсан хэрэг биз...
Мэдээж энэ үйл явдал түүнд их зүйлийг бодогдуулсан байх. Улам их бэлтгэл хийхийг ойлгуулсан биз. Намраас нь заалны барилдаанд улам л сайн барилдах боллоо. Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдааны анхан, дэд зиндаанд зодоглож, шилдэг 16 бөх тойргоор барилдахад 12 давж, хоёрт бичигдэв. Дар.а Б.Бат-Эрдэнэ, у.з Ц.Цэрэнпунцаг /у.г/, у.н Ч.Батзориг /у.з/, а.а Б.Ганбат/у.з/ гэсэн 4 бөх ижил 12 даваатай байсан бөгөөд Батзоригоос бусдыг нь өвдөглүүлж чадсан билээ.
1998 оны Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Их аваргатай тэргүүн байрын төлөөх барилдаанд шалгарч үлдэв. Ингэснээрээ аймгийн цолтой бөх анх удаагаа сар шинийн баярт үзүүрт хүрсэн амжилтыг тогтоолоо. Тэр жилийнхээ зун буюу АХ-ын 77 жилийн ойгоор дар.а Х.Баянмөнхөөр 5 давж начин цолонд хүрч чадлаа.
1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор у.н И.Доржсамбуу /у.г/, у.з Ж.Ганболд, у.ав О.Балжинням нарыг 5-7 даваанд өвдөглүүлж заан цолонд хүрээд Их аваргад унав.
Харин заан цолонд хүрээд бэртэл гэмтлээс болоод нэг хэсэг сайн барилдаж чадсангүй. 2000 онд 6, 2001 онд 1024 бөхөөс 5, 2002 онд 6, 2005 онд 5 давж шөвгөрөв.
2006 онд Их Монгол улс байгуулсны 800 жил, АХ-ын 85 жилийн ойд хүч үзэн зодоглосон 1024 бөхөөс 7 давж заан цолоо батлан наадмын түрүү бөх у.г Д.Сумъяабазар /у.ав/-тай эрэмгий сайхан барилдсан ч өвдөглөв.
АХ-ын 86 жилийн ойгоор Өсөхөө аварга тавд а.а Б.Бадамдорж /у.н/-д, Сумъяа аварга долоод у.н Б.Сайнбаяр /у.з/-д тус тус унаж наадамчдыг шуугиулав. Түрүүлэх бөхчүүдийн тоонд Зааны нэр дээгүүр байсан, харамсалтай нь дэндүү хариуцлагагүй барилдаан үзүүлж тавын даваанд а.а А.Цацабшир /у.н/-д унав.
2008 онд а.а Ч.Баянмөнх, у.н Ц.Сумъяабээс, у.н Т.Амартүвшин /у.х/ нараар 7 давж дахин цолоо батлан их шөвөгт үлдэв. Хоёр аварга хоёулаа зааны даваанд а.а Б.Соронзонболд /у.з/, у.х н.Ганбаатар /у.г/ нарт өвдөглөв. Боломж, БОЛОМЖ! Алдсан боломж эргэж ирэх нь тэр. Цол авсан бөхчүүдэд цолны үнэмлэх гардуулах завсарт Ганбат заан ам авахаар яаравчлан алхав. Наадамчид “Зааны түрүү”, “Ганбатаа чиний наадам шүү” гэж шуугих нь тэр... Заан ч гарын даа нар дээр төд удалгүй эргэв... Үүнээс цааш өгүүлэхэд дэндүү халагламаар... “Алтан боломж үхэр тэрэг лугаа удаан ирэх хэрнээ, туулай лугаа дэгдэн одох нь тэр” ээ...
Дахиад л дараа жилийн наадмыг хүлээх үлдсэн дээ...
2009 он. Олон хүн зааныг түрүүлэх байх гэж таамаглал дэвшүүлсэн. Зааны хаяж чадахгүй гэх, барилдаан таарахгүй бөх нэгээхэн ч үгүй. Барилдаан төдийлөн таардаггүй отгон Аварга бэртлийн улмаас зодоглосонгүй. Заан ч сайхан л, өнгөтэй л харагдаж байлаа...
Тавын даваа эхэллээ. Заан бяртай начныг амлаад барилдахаар шийдэж. Түрүү жилийн 6-гийн даваанд золгооны барьцнаас татаж мордоод давж байсан даа. Ийм байдал дахин давтагдсан ч барилдааны төгсгөл... За нэг иймэрхүү, харамсалтай зүйл болсон доо... Бас дахиад, дахиад л ирэх жилийн наадам...
Нэрт бөх Х.Баянмөнх аваргын хэлсэнчлэн “...сайн барилдана гэдэг нэг өөр, гэхдээ түрүүлнэ гэдэг бүр өөр...” гэдэг л... Гэхдээ энэ нь Зааныг түрүү бөхийн эрэмбэгүй гэсэн үг огт биш л дээ. Байгалиас заяасан бие цогцос, бяр, дайчин чанар. Бөх хүнд байх шинж бүгд л түүнд байна.
Нэгэн үе Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж, эзэгнэж явсан “ШИЛДЭГ 6 ЗААН”-ы хамгийн залуу гэгдэх тэрээр л ганц заан цолтойгоо үлдсэн байна.
33 нас. Бяр, хүч, ур, ухаан жагссан ид үе. Тиймээс БОЛОМЖ хадгалагдсаар л байгаа. Ашиглах ЧАДВАР л мэдэх хэрэг...
Төрийн их баяр наадамд гурван удаа 7, хоёр удаа 6, дөрвөн удаа 5 давж нийтдээ 9 удаа шөвгөрч, ЗААН цолтонгуудыг магнайд бичигдэж буй бөлгөө, Заан цолондоо дэндүү бахдаж ядсан, АРСЛАНГААР зогсогхгүй эрэмбэтэй бөхийн тухайд ийн дурсваа...
********* *********
Эрхэм хүндэт бөх сонирхогчдоо! Бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхэд бэлэн боллоо. Бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын шинэ АРСЛАН ГАНБАТ, эс бөгөөс Монгол улсын ОТГОН АВАРГА ГАНБАТаар магнайлуулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ гэх... За даа АРСЛАН ч тун бяртай байна даа гацхан гуд татаа л мэхээн гүйцээж байгаа харагдана... Улсын АВАРГА ГАНБАТ түрүүллээ... гэж дуудуулах болтугай. ЗААНДАА АМЖИЛТ