ИХ ДАЯН

Завхан аймаг, Алдархаан сум
Номыг талбигч Багштаны тухайд

Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ

тэр миний багш

Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар

тэмдэглэнэ тэр миний нөхөр

Надад хэн зусарднав тэр миний дайсан...

 Өмнө ном сонсогч шавь, түүнд байх чанар, хорих гэмийн тухайд товчхон өгүүлсэн. Их сэтгэгч, эрдэмтэн мэргэдийн “Ном өгүүлэгч” хийгээд “Номд суралцагч”-ийн тухайнаа судар номноо бичин үлдээснийг, санан бодож, баримтлан явахуйн зарчмуудаас түүвэрлэн цувралаар өгүүлж байгаа болой.

Энд ном талбигч багшийн тухайд товчхон өгүүлсү:

“Шавийн эрдэм багшаас...” хэмээдэг. Багш хүн шавийнхаа мөнхийн дагуул байж чадахгүй ч заасан хичээл зарцуулсан хөдөлмөр нь шавь нарыг нь ямагт сүүдэр мэт дагаж байдаг ажгуу. Ингэхлээр багш хүн шавийнхаа өмнө төдийгүй төрийнхөө өмнө, ирээдүйн өмнө хариуцлага хүлээж байгаа онцгой мэргэжлийг эзэмшсэн сэхээтнүүд болж байна.

            “Эрдэмтэн” гэдэг үг заримдаа ямар нэгэн зүйлд өөрөө суралцсан хүн биш, асар олон юмыг бусдаар заалгасан хүн гэж ойлгогдоод байдаг юм хэмээн нэгэн сэтгэгч өгүүлсэн нь буй. Учир нь багшид шүтэн, түүний гайхамшигтай агаад үнэт сургаалыг үл аван оюун төгөлдрөөр эрдмийн ухаанаа шургалсан нь нэгээхэнд үгүй болно. Нэгэн зүйлийг өгүүлэхүл:

            “Цзы гүн” хэмээх Күнзийн шадар шавийг нэгэн танил нь ухаан, бодлоороо багшийгаа давсан хүн гэж магтжээ. Тэгэхэд Цзы гүн хариу болгон, хүмүүний ухаан хана хэрэмтэй төстэй юм.  Миний хана хэрэм хүний нуруунаас төдийлөн өндөргүй тул хөндлөнгийн улс хялбархнаар өнгийж хараад цаана нь юу байгааг төвөггүй олж мэднэ. Харин миний багш бол хэдэн арван алд хэрийн өндөр хэрэм шиг билээ. Хэн ч уг хэрмийн үүдийг олж чадахгүйн дээр, цаана нь хичнээн гайхалтай сүм хийд, орд харшууд байгааг мөн өнгийж харах аргагүй л дээ” хэмээсэн байдаг. Тийн оюун төгөлдөржин, ухаан тэлж, үнэний гүн түвшинд нэвтэрсэн хэн бээр ч багштаныг шүтэн номын гайхамшгийг танин барьдаг ажгуу.

            Гутгаар Далай лам “Бодь мөрийн зэрэг, Тунгаамал алтан” хэмээх шастардаа:

            “Номын багшдаа хэрхэн итгэх вэ? гэсэн асуулт талбиад түүндээ:

            Үнэнхүү сэтгэлээсээ оюуныг дулдуйдан даатгаж, итгэлийг сэтгэлийнхээ үндсэнд нийлүүлж олонтаа үйд...” хэмээжээ. Харин үүнийг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам:

            “Номын багшдаа хандах зөв хандлагыг хөгжүүлэх чухал арга бол багшийнхаа сайн чанарыг болон түүний амьдралд нэвтрүүлсэн буянт үйлсийг тунгаан бодох нь чухал...Номын багш нь бүхий л амьдралын эх булаг” гэсэн буй.

            Энэ утгаар гэвш По-то-ва бичихдээ:

            “Эгэл ертөнцийн мэргэжил эзэмших хүмүүн мэргэшсэн багшийн дэргэд сурах ёстой. Гэгээрэл /мэдлэг/-ийг хайж бид хэдүй хэр зүйлийг үйлдэх вэ? Бидний ихэнх нь гэгээрлийн мөрүүд, зэргэмжид хүрэх туршлага болон түүх байхгүй. Бид энэ түүх туршлагыг олж авая гэвэл аргыг хөгжүүлж зааж мэргэжсэн хүнээс суралцахуй мөн...” хэмээжээ. Бонд Зонхава:

 “Сүсэг /суралцах/-ийн хөгжлийн үндэс нь багштай эрчимтэй харилцааг хөгжүүлэх ёстой. Энэ нь бид зөв хандлагыг хөгжүүлж, зөв ажлаа харуулах ёстой гэсэн үг. Модны үндэс сурвалж нь бат бэх бол мод бүхэлдээ бат бэх, үндэс сурвалж нь сул мод бүхэлдээ суурьгүй ганхана шүү дээ. Хөгжүүлэх ёстой хоёр хандлага нь багшаа хүндэтгэх, багшийн амьдралд ач тус болж байгааг үнэлэн дээдлэх...” гэжээ.

Ийн товчхон өгүүлэхэд, ном өгүүлэгчийн тухайд дээрхи байдлаар тайбарласан байх. Чухам оюуны хүнд үнэт цаг хугацаа, ном судар, суралцахуйд заан чиглүүлж, удирдан хөтлөгч багш юунаас чухал амой. Гэхдээ суралцагч бээр багшийн түгээсэн, хүртээсэн мэдлэгийн хүрээнд эргэлдэх бус ямагт цааш тэмүүлж улам лавшруулан судалж байх нь чухал. Үүний хөшүүргэ нь багштан аж.  Үүнд л “ном өгүүлэгч” бээр шавийн оюуны эх булаг, мөнхийн дагуул байж чаддагийн учир орших ажгуу.

Аугаа их зүйл ч өчүүхэн нэгнээс эхэлдэг

Арван хором ч ихийн тулдаа бүү алжаа

Алс хэтийг санан ухаанаа шамд...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © Jalkhanz 2008