Баянхонгор аймгаас төдийлэн олон бөх барилддаггүй, спортын хорхойтон олон, улсын гарьд “том” П.Сүхбатаар л энэ аймгийн бөхчүүдийг төсөөлдөг үе байлаа. Тэгвэл өдгөө улсын залуу харцага Д.Батболд тэргүүтэй улсын начин болон улсын цол авахад ойрхон гэгддэг аймгийн арслангууд нийлсэн арваад бөх тогтмол барилддаг болжээ.
2005 оны улсын баяр наадмаар улсын начин цол хүртэж, энэ жил цолоо ахиулан харцага болсон Д.Батболд өдгөө нутгийнхаа залуу хүчтэнүүдийн манлай нь болон явна. Харцага гэдэг түүнд томдоогүй цол, цаашид энэ цолоо батлах, ахиулах боломжтой гэдгээ барилдааны амжилтаараа харуулж буй тэрбээр Нийслэлийн 370 жилийн ойд зориулсан барилдааны их шөвөгт үлдсэн билээ. Залуу харцагыг “ТЦ-ийн бөхийн өргөө” буланд урин ярилцсанаа толилуулж байна.
-Улсын баяр наадамдаа амжилттай барилдаж, шинэ цол хүртсэн болохоор энэ талаар ярилцлагаа эхлэе. Юуны өмнө наадмын өмнөх бэлтгэл сургуулилтаа хаана, хэрхэн базааж, харцага цолд хүрэх хүч хуримтлуулснаа ярина уу?
-Баянхонгорын бөхчүүд сүүлийн хэдэн жилд хуучнаар Бугын САА-д, “Нармон” жуулчны баазад наадмын өмнөх бэлтгэлд гарч байгаа. Манай аймгийн Бууцагаан сумын уугуул Хүрэлсүх гэж ах энэ баазын захирал юм. Нутгийн ахынхаа хаяаг түшиж гараад гурван жил болж байна уу даа. Баянхонгор аймгийн барилдах хүсэлтэй залуучуудыг дэмжиж, галтай болгох гэсэн ажлын үр дүнгээр одоо 30 гаруй бөх наадмын галд гардаг болоод байна. Урьд нь манай аймгаас 5-6 залуу л идэвхтэй барилддаг, наадам болохоор энд тэндхийн галд дагаж гардаг байлаа.
-Саяхныг болтол баяр наадамд дээгүүр барилдсан бөхчүүдийн дийлэнх нь “Сүүж”-д бэлтгэлээ базаасан байдаг байсан бол сүүлийн хэдэн жилд Бугын САА-н галынхан амжилттай барилддаг болоод байгаа...
-Тийм шүү. Энэ жил Бугын САА-д 6-7 галын 200-аад бөх бэлтгэлд гарсан. Бэлтгэл хийсэн бөхчүүддээ ээлтэй сайхан газар шүү дээ. Эндээс жил бүр шинэ цолтон мэндэлж байгаа. “Хилчин” спорт хороо, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ аймгийн бөхчүүд Бугын САА-д бэлтгэл хийдэг болсон.
-П.Сүхбат гарьд АНУ-аас эргэж ирээд Баянхонгорын галыг нэгтгэн гарч байна уу?
-Намайг улсын наадамд анх барилддаг жил П.Сүхбат ах нутгийн дүү нараа цуглуулаад Тэрэлжид бэлтгэл хийж байлаа. Тэр үеэс л Баянхонгорын галыг байгуулах санаачилга гарч эхэлсэн юм. Тухайн үед “Тэрэлж Жуулчин”-ы захирал, Заг сумын харъяат Бямбасүрэн ах, Нутгийн зөвлөлийн дарга Дэлэг гуай нар тусалж дэмжин бидэнд бэлтгэл хийх боломжийг олгож байлаа. Гэвч П.Сүхбат ахыг АНУ руу явсны дараа бидний хэдэн залуучууд тусдаа гал болж гарах гэхээр насаар ч, цолоор ч балчирдаж байсан л даа. Манайхны ихэнх нь А.Сүхбат аваргыг бараадаж, 2-3 жил аварга багшийн галд бэлтгэлээ базаасан. Би ч аварга багшийнхаа гар дээрээс улсын цолны босгыг алхсан. П.Сүхбат ах эргэж ирснээр Баянхонгорын залуучууд тусдаа гал болон гардаг болоод байна. Одоо энд гарьд ах, бид хоёроос гадна улсын начин Б.Сэр-Од, Б.Баянжаргал нарын улсын цолтнууд, мөн улсын цол авах эрэмбэтэй гэж яригддаг Р.Дамдин, М.Отгонням, Дж.Батбаяр, Ж.Чулуунбат, Д.Энхбат нарын аймгийн арслангууд, улсын наадамд дөрөв давсан аймгийн заан Б.Батгэрэл болон Б.Буянмөнх нарын тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ базааж байна.
-Таны нэр дурдсан бөхчүүдийн нэг Д.Энхбатыг таны дүү гэдгийг бөх сонирхогчид сайн мэднэ. Улсын цол авах магадлалтай гэж итгэл хүлээлгэдэг залуучуудын нэг бол тэр. Улсын наадам дөхсөн үед регбигийн тэмцээн уралдаан гэж явсаар барилдаанаас төсөөрсөн нь нөлөөллөө гэх яриаг сонссон юм байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Миний хувьд дүүгээ улсын наадам гэлтгүй хамт зодоглосон бүх л барилдаандаа дээгүүр үзээсэй, сайн барилдаасай гэж харж, мэддэгээ зааж зөвлөж байдаг. Энхбат регбигээр хичээллээд 4-5 жил боллоо. Хонконгт мэргэжлийн лигт ч тоглож үзсэн. Энэ жил Узбекистанд болсон Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Монголын баг амжилттай оролцож, хүрэл цом авсан байна лээ. Миний хувьд дүүгээ регбигээр хичээллэснээс болоод барилдааны амжилт нь муудлаа гэж боддоггүй. Гол нь гэмтлийн улмаас бэлтгэлийн дэглэм тохиргоо алдагдаж, бэлтгэл бүрэн хангагдаж чадаагүй. Хэдий тийм ч цол авчих болов уу гэж харж байсан.
-Харцага цолд хүрсэн барилдаануудын тухай ярихаасаа өмнө урьд жилүүдийн улсын наадмын амжилтыг дурдах нь зүйтэй болов уу гэж санагдлаа. Улсын наадамд анх хэзээ зодоглож байв?
-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор улсын наадамд анх хүч үзсэн. Би өмнөх жил нь аймгийнхаа баяр наадамд аймгийн арслан Л.Жанцандоржтой үзүүр түрүүнд үлдэн аймгийн цол аваад байсан юм. 80 жилээр хоёрын даваанд одоо сүмо тайлбарлаад байгаа аймгийн заан Д.Алтанхуягийг даваад гуравт Гачууртын аймгийн арслан Д.Энхтайвантай тунан орхисон. Дөрвийн даваанд тухайн үед заан цолтой байсан Г.Өсөхбаяр аваргад амлуулан өвдөг шороодож байлаа. Тэр жил бүх аймгууд улсын наадмаас зөрүүлэн баяр наадмаа хийсэн. Баянхонгор аймгийн 60 жилийн ой долдугаар сарын 21-22-нд болж, 256 бөх барилдахад би түрүүлж, аймгийн арслан цол хүртэж билээ.
-Аймгийн арслан болсон хүн улсын цолны тухай бодож эхэлсэн биз?
-Ер нь яг тэр үеэс би хүмүүст танигдаж, өөрөө ч өмнөө зорилго тавин барилдаж эхэлсэн л дээ. 2002 оны наадмаар дөрөв давж, цолны босго даваанд анх барилдаж үзсэн. Гурвын даваанд өмнөх жил нь начин болсон Л.Наранбаатартай тунаж, дөрвийн даваанд Р.Гансүх заантай оноолтоор таарч давсан юм. Тэр жил оноолтыг анх хэрэглэсэн. Тавын даваанд М.Жамъянпүрэв начин Д.Ганхуяг арслан, Д.Рагчаа заан бид гурваас намайг амлан авч байлаа. Тунасан хоёрын хувьд тухайн үед начин цолтой байсан. 2003 онд гурав даваад Д.Сумъяабазар аваргыг заан цолтойд дөрвийн давааны оноолтод тааран өвдөг шороодсон. Тэр жил хоёрын даваанд дараа жил нь улсын начин болсон аймгийн арслан Ж.Алтансүхтэй таарч, нэлээн удаан хүч үзээд барьц сонгож давж байлаа. Гуравт У.Сүхбаатар начин намайг амласан. 2004 онд хоёрын даваанд харцага М.Батжаргалыг цэргийн арслан цолтой байхад тааран барилдаж, мөн л шодоонд хүртэл удахад шоо миний талд буугаагүй. Тэр жил бид хоёрын хэн давсан нь улсын цол авна гэж яригдаж байсан. Ер нь жил жилийн улсын наадмын хоёрын даваанд цол авах залуучууд хоорондоо их таардаг. Улсын цол авах гэж зорьж яваа аймаг, цэргийн арслангуудын хувьд хамгийн хүнд даваа нь хоёрын давааны оноолт байдаг.
-Цол авсан жилийнхээ хоёрын даваанд хэнтэй таарч байв?
-2005 оны баяр наадмын хоёрын даваанд бөхийн анхны багш Ц.Шийрэвтэй оноолт таарч байлаа. Гуравт М.Мөнгөн арсланд амлуулж, дөрөвт Ч.Чулуунбаатар харцагатай таарсан. Улсын наадамд хэдэн жил барилдаж, араас дүү арслангууд төрөн гарахын хэрээр эрэмбэ бага багаар ахин, дөрвийн давааны оноолт ч харьцангуй зөөлөрч ирсэн. Өмнө нь залуу заануудтай оноолтын даваанд хүч үзэж байсан шүү дээ.
-Хоёр дахиа начны даваанд босоход хэр сандарч байв? Хэн амлах бол гээд чих тавьж байсан байх?
-Би ер нь төдийлэн сандарч, нервтээд байдаггүй. Хэн амлана, түүнтэй хүчээ дайчлаад барилдана гэсэн бодолтойгоор даваа эхлэхийг хүлээж байлаа. Өмнөх жил харцага болсон Т.Мөнгөнцоож намайг амласан. Бид хоёрын хувьд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны их шөвөг, үзүүр түрүүнд нэг бус удаа таарч, даваа, унааны харьцаа ч ойрхон явсан нэг үеийн залуучууд. Би сүүлийн хоёр удаа таарахдаа элэг бүснээс хонгодож, мөн барьцгүй хөл аваад давсан учир өөртөө итгэлтэй гарсан. Их ч бужигнасан барилдаан болж билээ. Баруун хонгодох мэхийг гурван удаа хийгээд тухай бүрт нь барилдааны талбайгаас гаран гүйцээж чадаагүй. Тэгээд барилдааны цаг дуусч, дан золгоход тал нийлээд баруун талаар тулсан. Энэ үед шийдвэрлэх мэхээ хийх нь зүйтэй гэж үзэн бусгаад давж байлаа.
-Шинээр улсын цол авсан бөхчүүдийн хувьд ханах байдал ажиглагдаж, дараагийн даваанд төдийлэн хүч гаргалгүй унаж байгаа харагддаг. Та зургаагийн даваанд хэр хүч үзэж байв?
-Тухайн үед начин цолтой байсан Х.Мөнхбаатар арслан бид хоёр тунасан л даа. Бид хоёр бас л хоорондоо олон удаа тулсан, бие биенийхээ барилдааныг мэдэх бөхчүүд. Нэг жил Х.Мөнхбаатар Цагаан сар болон Эх орончдын өдрийн гэсэн дараалсан хоёр барилдаанд намайг гурвын даваанд амлаж байлаа. Тэгэхэд хоёуланд нь би давсан. Наадмаар бол хэн давсан нь харцага болох тул хэн хэн нь шийдэмгий барилдсан. Барилдаан удааширч, дан, давхар золгоод хаялцаагүй тул шодоход Х.Мөнхбаатарын талд бууж билээ.
-Бөхчүүд нутаг усаа дуудуулан барилддаг болохоор орон нутгаа сурталчилдаг гэж хэлж болно. Тэр хэрээр ямар нэг бөхийн удам судрыг хөөсөөр өөрсдөдөө хамаатуулах нь түгээмэл. Үүнтэй адил Баянхонгорын зарим сумд таныг манай нутгийнх гэж өмчилдөг юм билээ?
-Аав маань Бууцагааны хүн л дээ. Харин би Баянбулагт төрж өссөн. Сүүлд Бууцагаанд хэдэн жил амьдарсан. Тиймээс Бууцагааныхан намайг аавынхаа төрсөн нутгаар овоглож барилдах хэрэгтэй гэдэг юм. Гэхдээ унасан газар, угаасан ус, хүй цөглөсөн нутаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр би Баянбулагийн гэж дуудуулан барилдах нь зүйн хэрэг.
-Начин болсон наадмын хоёрын даваанд анхны багштайгаа таарсан гэж та өгүүлсэн. Хэзээнээс Ц.Шийрэв багшийн удирдлагад бөхөөр хичээллэв?
-Ээжийн маань ах, дүү дөрвөн хүн аймгийн заан, начин цолтой бөхчүүд. Тэднийг даган хувцсыг нь барьж, наадмын барилдаан шимтэн үзэж явсаар бөхөд дуртай болсон. Хэдий ингэж багаасаа барилдах сонирхолтой байсан ч 1997 оныг хүртэл барилдаагүй юм. Тэр жилийн намар хотод орж ирээд Ц.Шийрэв багшийн удирдлагад бөхөөр хичээллэж эхлэж байлаа. Уг нь би Шашны сургуульд орох гэж хотод ирсэн юм. Нутагтаа хийдэд шавилан суудаг лам хүүхэд байлаа. Хотод ирээд бөх барилдах сонирхол маань дийлж, энэ тухай аав, ээждээ хэлэхэд цааргалаагүй.
-Танай гэрийнхнээс аймгийн арслан Энхбат та хоёроос өөр хүн барилддаг уу?
-Би таван хүү, нэг охинтой айлын хоёр дахь хүү нь. Одоохондоо Энхбат бид хоёр л барилдаж байна. Бага дүү чөлөөт бөхийн секцэнд хичээллэж эхэлж байгаа.
-Та бөхийн өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-Ц.Шийрэв багшийн удирдлагад самбо, жүдо бөхөөр нэг жил хичээллэсэн. Хот, дүүргийн АШТ-д л барилдсан даа. Нэг удаа хүрэл медаль авч, нэгт нь хүрлийн төлөө барилдаанд ялагдсан даруухан амжилттай. 1998 онд “Шонхор” БТДС-д орсноос хойш үндэсний бөхөөр дагнан барилдаж байна. “Шонхор”-т дөрвөн жил суралцахад улсын начин Ц.Баянмөнх, Д.Бадрах нар үндэсний бөхийн багш нь байсан. Жүдо бөхийн спортын мастер Дорждагва гэж залуу манай ангийн багш байлаа. Манай анги дөрвөн жилийн хугацаанд сургуулийнхаа урлаг соёл, спортын бүхий л тэмцээнд тэргүүлдэг үлгэр жишээ анги байсан. Энэ жил начингаа баталсан Ж.Отгонбаяр, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, аймгийн заан Т.Занданбат бид нар нэг ангийнхан.
-Наадмын тухай яриандаа эргэж оръё. Начин болсноосоо хойш та хоёр удаа шөвгөрөх даваанд гарсан байдаг.
-Тийм ээ. Цол авсныхаа дараа жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор, мөн 2007 онд дөрөв давсан. 2006 онд энэ жил заан болсон аймгийн арслан М.Өсөхбаяр, нэг оны начин Т.Амартүвшин болон Т.Өсөх-Ирээдүй нараас нэр сонсож, Т.Өсөх-Ирээдүйг амлаад унаж байлаа. Гурвын даваанд аймгийн заан Д.Мөнхбатыг амлаж, дөрвийн даваанд Б.Насандэлгэр начинтай оноолтоор таарч давсан юм. Харин 2007 онд гурван бөхөөс Б.Сайнбаяр заанд амлуулж өвдөг шороодсон. Н.Ганбаатар гарьд, Ду.Батбаяр начин нар тунаж байлаа. Миний хувьд дөрвийн даваанд И.Ёндонсамбуу начинтай таарч давсан. Б.Сайнбаяр зааны хөл авах мэхийг нь хориглоно гэсэн бодолтой гарсан ч барилдааны үндсэн цаг дуусахын өмнөхөн зүүн хөлдөө алдаад унаж байв. Өнгөрсөн жил гурвын даваанд аймгийн арслан Дундговийн А.Алтанхуягийг амлаад бараагүй.

-Одоо харцага цолд хүрсэн энэ жилийн баяр наадмын тухай ярина уу?
-Энэ жилийн хувьд нэгийн даваанаас эхлээд оноолт, ам бодсоноос харьцангуй хатуу, чанга байсан. Нэгийн даваанд миний өмнө, хойнох хүмүүс дандаа цэргүүдтэй таарсан. Харин надтай нэлээн хэдэн жил барилдсан Увсын нэг залуу таарч хүч үзсэн. Хоёрын даваанд Г.Намсрайжав харцагын хүү, аймгийн начин Батсуурьтай барилдсан. Гуравт Говь-Алтай аймгийн арслан Л.Цэрэнтогтохыг амлаад баруун шуудагнаас татаж давсан. Дөрөвт До.Ганбат начинтай таараад шуудагнаас мордож өвдөг шороодуулсан. Тавын даваанд өөрийгөө тунах байх гэж бодож байлаа. Харин Ө.Даваабаатар харцага намайг гурван бөхөөс амласан байсан. Миний хувьд алдаа гаргахгүй байхыг эн тэргүүнд зорьж, шуудагнаас татаж мордоод давсан юм. Зургаагийн даваанд мөн л ам авах юм уу тунах байх гэж бодож байтал Б.Соронзонболд заан амласан байлаа. Ер нь амлуулахаар тунах, эсвэл амласнаас илүү анхаарал, бодол санаа төвлөрч барилддаг юм шиг байна лээ. Зааны даваанд Г.Өсөхбаяр аваргад амлуулж, барилдаан удаашран шодоход аварга барьц сонгохоор болсон доо.
-Харцагын дархан, унаган мэх гэвэл юу вэ? Хэн зааж өгч байв?
-Нагац ах нараасаа бусгах мэхийг сурсан. Энэ мэхээрээ начин цол авч байлаа. Шуудагнаас мөргөж дайрах, мордох мэхийг Б.Гантогтох гарьдаар заалгасан. “Шонхор”-т байхад гарьд ирж бэлтгэл хийдэг, тэр үед нь ноцолдохын зэрэгцээ заавар зөвлөгөө авдаг байсан юм. Шахаж татах мэхийг аварга багш зааж өгсөн. “Өрсөлдөгч чинь яаж ч хамгаалж байсан энэ мэхийг хийхээр шийдсэн бол зоригтой дайраад яв. Эргэлзэх л юм бол хариу мэхэнд орно шүү” гэж хэлдэг байж билээ.
-Сар шинийн барилдааныг улсын наадмын өнгийг тодорхойлдог гэдэг. Та цагаан сараар ямар амжилт үзүүллээ?
-2002 онд аймгийн арслан цолтойдоо Х.Мөнхбаатар начин, Д.Мөнх-Эрдэнэ арслан нарыг давж, тавын даваанд Б.Гантогтох гарьдад өвдөг шороодон 16-д үлдээд УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн “Улсын цолд ойрхон бөх” шагналыг авч байлаа. Начин болсныхоо дараа аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар болон Д.Рагчаа заан, Д.Ганхуяг арслан нарыг начин цолтойд орхин наймд үлдээд Д.Сумъяабазар аваргатай оноолтоор тааран унасан. Энэ жил мөн наймд үлдээд Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодсон. Гуравт харцага болсон аймгийн арслан Ө.Бат-Оршихыг, дөрөвт харцага Ө.Даваабаатарыг, тавд Ц.Мягмарсүрэн зааныг давсан.
-Та бөх барилдаад арваад жил боллоо. Энэ хугацаанд хэнтэй хамгийн олон барилдсан бэ?
-Ер нь бүх л бөхтэй гар зөрүүлж үзсэн дээ. Тэр дундаас Д.Азжаргал арслан, Д.Рагчаа заантай илүү олон таарч барилдсан санагдана. Гэхдээ Д.Азжаргалтай арслан болсноос нь хойш хүч үзсэнгүй.
-Баянхонгорын бөхчүүд ямар ч байсан наадмын галд тогтмол гардаг боллоо. Харин бусад үед нэгдэж бэлтгэл хийж байна уу?
-Нэгэнт улсын наадмаар нэгдэж бэлтгэл хийж байгаа тул өвөлдөө нэг дор хөлсөө гаргаж байя гэж хэлэлцэн Чингэлтэй дүүргийн спорт хороо, “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд бэлтгэлээ базаадаг болоод байгаа. Долоо хоногт хоёр удаа тэнд, нэг удаа “Шонхор” сургууль дээр бэлтгэл хийдэг.
-Та ОБЕГ-ын бөх гэж явдаг. Өөр ямар байгууллагад харъяалагддаг вэ?
-Би 2005 онд аймгийн арслан цолтойдоо ОБЕГ-ын бөх болж байлаа. Эндээс начин, харцага цолыг авсан. Энэ дашрамд ОБЕГ-ын нийт хамт олондоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Манай онцгойгийнхон гал түймэр, үер ус, гамшиг гээд хүнд хэцүү газарт ажилладаг хүмүүс. Энэ жил намайг харцага цол авахад дээд дэслэгч цол олгосон. Энэ нь армийн ахмадтай дүйх цол юм. Мөн өнгөрсөн жилийн намраас “Монгол шевро” ХК-ийн бөх гэж дуудуулан барилдаж байна. 1934 онд байгуулагдсан, “Алтан гадас” одонтой олон жилийн түүхт компани.
-Мэдээж цол авсан наадмын барилдаанууд хамгийн дурсамжтай байдаг байх. Харин хамгийн харамсалтай, тэгчих байсан даа гэж боддог барилдаанаа нэрлэвэл?
-2002 оны наадмаар тавын даваанд М.Жамъянпүрэв начинд өвдөг шороодсон барилдаанд бүх хүч чадлаа дайчилж чадаагүй. Өөрт байгаа нөөц боломжоо шавхаад үзсэн бол улсын цолд арай эрт хүрчих боломж байсан гэж бодогддог. Өөрийн анхаарал болгоомжгүйгээс гэнэ алдаж унасан даа. Заавар зөвлөгөө ч дутсан байх. Гэхдээ тэр барилдаан надад маш том сургамж болсон. Жамъянпүрэв начин бид хоёр элэг бүсний барьцтай байх үед би барьцаа тавиад өндийсөн юм. Яг энэ агшинд хашир начин тахимдсан. Тухайн үед Жамъянпүрэв начинг буруутган янз бүрээр хэлэх явдал гарч байсан. Миний хувьд начныг буруутгадаггүй, өөрөөсөө л алдаагаа эрдэг юм.
-Саяхан болсон Нийслэлийн ойн барилдаанд та шөвгийн дөрөвт үлдсэн. Ер нь заалны барилдаанууд эхэлснээс хойш хэр амжилттай барилдаж байна вэ?
-Энэ намар гурван барилдаанд гарлаа. Эхнийхэд нь 16-д, дараагийнхад наймд үлдсэн. Сая их шөвөгт шалгарлаа. Амжилт өсч, даваа ахиад л явж байна. Хамгийн сайн бэлтгэл бол тэмцээн гэж ярьдаг тул аль болох барилдаан алгасахгүйг хичээдэг юм.
-Өнгөрсөн барилдаануудынхаа тухай та их тодорхой, дэлгэрэнгүй ярьж байна. Тэмдэглэл хөтөлдөг үү?
-Хөтөлнө өө. Яаж барилдаж, ямар мэхээр хаялцав, тухайн үед биеийн байдал ямар байв гэдгээ тэмдэглэнэ. Үүнийгээ эргээд харахад сайн судалгаа болдог юм.
-Гэр бүлийнхнийгээ манай уншигчдад танилцуулна уу?
-Миний эхнэрийг Ж.Амаржаргал гэдэг. “Зууны мэдээ” сонины сурвалжлагч, “Бөхийн мэдээ”-гийн редактор. Эхнэр маань сурвалжлагч болохоор би та нарын зовлон, жаргалыг гадарлана аа. Ярилцлага авах гэхээр цаад хүмүүс нь янз бүрийн ааш араншин гаргадгийг нь мэддэг болохоор сурвалжлагч нарын урилгад татгалзаад байж чаддаггүй юм. Надаас асуух, надаар яриулах зүйлтэй болоод л ярилцлага авах санал тавьдаг байлгүй дээ гэж боддог. Манайх хоёр охинтой. Том охин тав, бага нь хоёр настай.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Цолоо ахиулсны тань дараа эргэн уулзах ерөөл тавья.
-Ерөөл бат оршиг.
Эхийг: Энд дарж үзнэ үү












Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: